Монгол улсын Шинжлэх ухааны Академийн ууган хүрээлэнгийн нэг бөгөөд 1965 онд Биологийн хүрээлэн байгуулагджээ.
Өдгөө тус хүрээлэн нь ерөнхий биологийн болон микробиологийн салбарууд биотехнологийн төвөөс бүрдэж байгаа ба тэдгээрийн харъяанд 10 лаборатори, 1 цех ажиллаж байна. Эдгээр лаборатори, цехэд эрдэм шинжилгээний 80 ажилтан судалгаа хийж байгаагийн дотор академич-3, шинжлэх ухааны доктор-2, дэд доктор-2 байна.
Биологийн хүрээлэн нь байгуулагдсан анхны мөчөөс эхлэн эх орныхоо амьтан, ургамлын зүйлийн бүрдэл, тархац, нөөцийг бүсчлэн судалж тэдгээрийг зохистой ашиглах, ховордсон ургамал, амьтны зүйлийг хамгаалах шинжлэх ухааны үндэслэл боловсруулан үйлдвэрлэл, практикт нэвтрүүлэх асуудлыг гол зорилгоо болгон ажиллаж ирсэн.
Судалгааны үр дүнгээр 60 гаруй ном, монограф, 2000 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, гадаад, дотоодод нийтлүүлсэн байна.
1965 оноос генетикийн анхны судалгаа хийгдэх болсон нь 1969 онд уг чиглэлийн судалгааны нэгж-лаборатори байгуулагдах эх суурь нь болсон билээ. Генетикчид унаган монгол малын генетик онцлог, түүнийг селекцид ажиглах, мутагенезын аргаар улаан буудайн өндөр ургацтай соорт, удам бий болгох генетик арга замыг боловсруулах чиглэлээр зонхилох судалгаагаа хийж байна.
1984 оноос молекул генетикийн буюу одоогийн молекул биологийн лабораторыг байгуулж элэгний хавдрын генийн тархалтыг судалгааг хийх болсон юм.
Судалгааны үндсэн чиглэл:
- Монгол орны амьтны аймгийг хамгаалах, зохистой ашиглах экологи, биологийн судалгаа
- Мал ба амьтны генетик онцлог
- Молекул биологийн ололтыг анагаах ухаан, ХАА-н практикт ашиглах
- Монгол орны микрофлорын судалгаа
- Микробын нийлэгшлийг ашиглах боломж
- Монгол хүний бие бялдрын өсөлт, хөгжлийн физиологи, гарал үүсэл, эртний монголчуудын антропологийн хэв шинж зэрэг чиглэлээр судалгаа
Судалгааны хэтийн чиглэл
- Монгол орны ховор ба хэт ховордсон амьтдыг сэргээн үржүүлэх биологи, экологи, генетикийн судалгаа
- Биотехнологийн ололтыг анагаах ухаан, ХАА-н практикт өргөн хэрэглэх асуудлыг шийдвэрлэх
- Микробын нийлэгшлийг хүнсний үйлдвэрлэл, ХАА-н практикт нэвтрүүлэх шинжлэх ухааны үндэслэл
- Монгол хүний физиологийн үндсэн парамметрүүдийг эртний хүний антропологийн хэв шинжүүдтэй холбон судлах
Гадаад хамтын ажиллагаа
Биологийн хүрээлэнгийн өсөлт, хөгжилтөнд ялангуяа энэ чиглэлийн боловсон хүчин бий болоход ЗХУ-ын(хуучин нэрээр) эрдэм шинжилгээний байгууллагууд, эрдэмтэд их тус дэм үзүүлснийг энд дурдах нь зүйтэй юм. Сүүлийн жилүүдэд манай гадаад харилцаа өргөжлөө. Тус хүрээлэнгийн эрдэмтэд, ОХУ, АНУ, Франц, Япон, Герман зэрэг олон орны эрдэмтэдтэй үр ашигтай хамтран ажиллаж байна.

